Мэдээллийн технологийн хөгжил энээ тэрээ мэдлэгт тулгуурласан эдийн засаг масаг гээд их ухааны юм ярихад хүч мөхөсдөх хэдий ч өөрийнхөө хэмжээнд “бодлого чиглэл”-ыг жаал шүүмжлээдхье байз. Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн газрын авч хэрэгжүүлж буй олон сайхан төсөл хөтөлбөрийн дотор төрийн байгууллагуудыг вебжүүлэх гэсэн нэгэн хөтөлбөр буй. Монгол төрийг электронжуулж, цахим технологи ашиглан ард иргэддээ үйлчилдэг, үйл ажиллагаагаа цахим орон зайд явуулдаг болгохоор зорьж буй төрийн энэ “газар”-ийн зорилго зорилтууд хэтийн чиг хандлага энэ тэрийг “хоёр гараа” өргөөд ч болов дэмжинээ.
Дээр өгүүлсэн төрийн албаны бүх байгууллагуудыг вебжүүлэх ажил нь цахим засаглалын хэлбэрт шилжих анхны томоохон алхам маань болж байгаа хэрэг юм. Эхний ээлжинд ямарч байсан төрийн албаны бүх байгууллагууд мэдээллээ нэгдсэн систем ашиглан ард иргэдэд хүргэдэг болгоё гэсэн энэхүү зорилт нь хэрэгжихдээ Joomla гэх агуулга удирдах нээлттэй эх бүхий системийг ашиглаж байгаа билээ.
Гэтэл манай ICTA-ынхан ямар нэг “шалтгаан”аар Joomla гэдэг нэрийг нь Живаа болгоод өөрчилж. Хийсэн template дизайнуудыг харахад лицэнзийн талаар ганц үг “цухуйлгахгүй” гэж шийдсэн бололтой. Нээлттэй эхийн лицэнзэд тухайн бүтээгдэхүүий нэрийг нь солиод чөлөөтэй ашиглана гэж арай заагаагүй байлтай. Яаг юу гэж заасан байдаг эсэхийг Дөлмандах анд нэг учир жанцантайхан тайлбарлаад өгөх байх гэж найдаад түр орхие.
Ер нь хараад байхад түргэн хугацаанд амжуулаад л амжилтанд хүрэхийг ихэд хичээгээд байгаа бололтой. Гэтэл миний бодлоор бол Joomla гэдэг CMS-ыг сонгодог нь урт хугацааны явцад тун ашиггүй өндөр эрсдэлтэй сонголт хийчихсэн шиг харагддаг юм. Үүнийг сонгоод л ирээдүйтэй гэж үзсэн бол манайхаас мэдээллийн технологиор хол давуу хөгжилтэй улсууд яагаад цахим засаглалийн хэлбэр лүү шилжихгүй “ухнадаад” байгаан бол.
Joomla нь бараг саяхан шахуу Mambo гэдэг алдартай төслөөс хэрүүл заргатайхан “өрх тусгаарлан салж” өөрийн гэсэн өнгө төрхөө одоо л бүрдүүлэхээр ажиллаж байгаа залуухан төсөл юм. Өөдрөгөөр хараад ирээдүй нь гэрэлтэй ямагт сайн хөгжүүлэгчтэй байж тасралтгүй 2012 он хүртэл ажиллаж чадна гэж үзэж болох л юм. Гэхдээ бүхэл бүтэн улсын мэдээллийн систем гадны (developer-уудад нь монгол хүн байдаг гэж дуулаагүй) нэг нээлттэй эхийн төслийн шийдвэр цаашид аль зүгт чиглэхийг дагаж намирах болно гэдэг ч дээ…
Эсвэл манайхан уг системийг лицэнзтэй юутай хээтэй нь худалдаж авах гэж байж мэдэх л юм “баян” юм чинь. Бүүр эсвэл огт нэмэлт засвар хийхгүй Joomla 1.0.8 хувилбарыг нь тууштай монголчилоол ашиглаад байхаар шийдсэн юм болов уу.
Зиа мэдэхгүй ямарч байсан энэ талаар яах гээд байгаагаа нэг мэдээлэх байлгүй яав гэж. Харин мэдээж шүүмжлээд байгаа хүн ямар нэгэн шийдэл дэвшүүлэхгүйм бол шүүмжлэх гэж шимтэх хэрэггүй юм уу гэж боддог юм. Joomla-сургалтыг төрийн албаны веб мастеруудад орж байхад нэг нөхөр учиргүй эсэргүүцээд, манайх веб хуудастай байхад ICTA бидэнд веб шахаж байна. Энэ чинь нээлттэй кодтой болохоор аттак вирусэнд амархан өртөнө энэ тэр гээд л ёстой шальчиганаж гарсаныг санаж байна. Нээлттэй эхийн талаар ийм ойлголттой байгаад нь, бас төрийн бүхэл бүтэн албаны ажлыг хэрэгтэй газар нь биш нэг муу ядарсан програмистын хичээл дээр ирж шүүмжлээд байхаар нь зэвүү хүрч байсан ч тэнд ганц үг ган хийгээгүй. Хичээл тарсаны дараа дагаж гарч байгаад “нээлттэй нийгэм” байгуулчдиймуу гэснээ гэнэт өрөвдөөд:
- Чи илүү сайн шийдэл бодож олоод дараа нь ICTA дээр очоод дарга нарт нь наадуулаа ярьвал яасын бэ хө. Гэж хэлчээл явцан. Түүнээс хойш шүүмжлэлийн ард ямар нэгэн “нэмэх” шийдэл хэлдэг ч юм уу, ер нь хуруу нэмэхгүй байж хошуу гэж хэлүүлэх муухай шүү дээ.
Ингээд дээр өгүүлсэн өөрийн мулгуу шүүмжлэлдээ таарсан муйхар шийдэл нэгийг өгүүлье:
- Нэгэн зүйл: Уг нь Joomla-г сонгохоос өмнө бичиж байсан бол өөрсдөө энэ системээ боловсруулая, хөгжүүлээд явах баг бүрдүүлэх хэрэгтэй энэ тэр гэх мэтийн санал байх байсан болов уу. Гэтэл нэгэнт “Галт тэрэг” мань мэтийнхэний үгийг тоохооргүй “хол” явчихсан тул Joomla-ын хөгжүүлэлтийг хариуцдаг багт өөрсдийн хүнээ бэлтгэж төрийн модулуудыг (бүх байгууллагуудын мэдээлэл шинэчлэх байдал зэрэг олон үзүүлэлтээр статистик бэлтгэж засгийн газарт танилцуулна гэж байсан энэ мэтийн “манайд” л хэрэгтэй модулуудыг) хөгжүүлж байх гольдрол руу явахад нь хөшүүрэгдэх талаар арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна. Магадгүй энэ талаар аль хэдийнээ шийдэл бодоод олчихсон сууцгааж байгаа байж мэднэ. Гэхдээ дээрх нэр усыг нь “нууцалж” буй явуургүй бодлогыг харвал тийм биш байхаа даа гэж сэжиг төрж сууна.
- Нэгэн зүйл: Нууцлал хамгаалалтын тал дээр mambo-гэгдэж байхад нь л лав attack хийх арга энэ тэр гээд л Интернэтээр зөндөө л аргууд байдаг байлаа. Joomla болсоноороо “төгсөрчихөөгүй” гэж бодож байна. Хэзээд энэ асуудал зүй ёсны л асуудал байх болно. Түүнээс зөвхөн нээлттэй эхийн бүтээгдэхүүн л хакердуулчихдаг ухааны юм ярьж суугаа улсууд нэг бодож үзүүштэй. Хаалттай байсан ч аюулгүй байдал, нууцлалын асуудал яригдах л болно шүү дээ.
Нууцлал хамгаалалт, аюулгүй, тогтвортой ажиллагааны талаар манай төрийн алба ямар нэгэн “нууцхан” бодлого боловсруулж хийх л ёстой. Ядаж л Attack & Defence –ын 2 баг бүрдүүлэх хэрэгтэй. Нууцлалаа хамгаалалтаа чангатгах тал дээр, цаг алдалгүй системийг шинэчлэж байх тал дээр юм хийж байгаа болов уу үгүй болов уу.
За ямар ч байсан Цахим монгол төрөх дөхөж байгаа гэдэгт итгэнэм. Цаашид ч биеээ үгүйлэхгүй өөрөөс томдсон бичлэгүүдээ бичнэ гэж бодож байна.